ТАНИЛЦУУЛГА
Өнө эртэд Хотонт уул дулаан уул нэртэй байж хэмээнэ. Үнэхээр ч өврийн ам жалганд нь жавар салхинаас нөмрөлсөн дулаан тухтай олон өвөлжөө байдаг. Монгол газарт түрэг язгуурын Уйгур улс зэргэлдээ нүүдэлчин Енисейн киргизүүдэд ялагдаж нийслэл Ордубалык (Ордубулиг, Балиглиг) хотоо шатаалган сүүтгүүлээд баруун зүг зугтан зайлжээ. Харин зарим овог хэсэг нь өөрийн гэх нутаг усаа орхиж эс тэвчин хоцорч Хиргисүүдийн эрхшээлд орсны дотор Уйгарын нэгэн хааны хатун, ой билиг төгс, гоо үзэсгэлэн тэгш Дой нэрт хатун ахайтанг харь солгой дайсан нь хүртэл хүндэлж нийслэлээс нь хойш хорь шахам мод газрын зайд орших нэгэн цагаан нуурын хөвөөн дэх орд харшид нь суулган үлдээв гэнэ. Он жил хангирч Дой хатун сүүдэр орхисон авч түүний нэр нөгөөх цагаан нууранд мөнхөрч Дойтын цагаан нуур хэмээн нэршмүй. Хатун ахайн шарилыг орчин тойрондоо өндөрт тооцогдох Дулаан уулын зүүн бага оргилын оройд оршуулж, дээр нь 5×6 метрийн хэмийн өрлөгтэй найман талтай чулуун бунхан орж мөхлөсөн байна. Тийнхүү Дулаан уул нэрээ сольж Хатант уул хэмээх болжээ. Цаг хугацаа хуучрахын хэрээр Хатунт уулын нэр ам дамжин дуудлага бүдгэрсээр Хотунт буюу Хотонт болон нэршин хэвшиж өдгөөг хүрсэн хэмээнэ.[1]
Түүх
Архангай аймгийн 1931 оны цогц 35 сумын нэг. Аймаг байгуулагдахаас өмнө, хойно хэд хэдэн удаа өөрчлөгдсөнөөс нутгийн хил зааг тухай бүр шинэчлэгдсэн бөгөөд эдүгээ сумын нутаг дэвсгэр, хүн ам нь хуучны дөрвөн хошуу, сумын дөрвөн хэсгээс бүрдэнэ. Үүнд : 1. Сүжигт бэйсийн хошуу буюу Хотонт уулын хошууны нутаг бүтнээрээ 2. Зоригт засгийн хошууны дийлэнх нутаг буюу Өндөр-Сант сумын нутгийн хагас 3. Илдэн бэйлийн хошууны хойт хэсэг буюу мөн Өндөр-Сант сумын нутгийн хагас 4. Заяын шавийн өмнөт захын хэсэг нутаг тус тус багтана.
Түүх соёлын дурсгал
Уйгарийн хар балгас: Төв Азийн нүүдэлт ард түмний дунд VIII-IX зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Ордубалык гэдэг их хотын нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутаг Орхоны баруун хөндийд буй. Үүнийг нутгийн ардууд Хар балгас гэдэг. Дойтын толгойн туйр: Сумын нутагт Шорвог нуур, Хунт нуур, Дойт нуур, Цагаан нуур гэхчлэн таван жижиг нуур буйн дунд хааш хаашаагаа холын бараа сайн харагдах Дойтын толгойн оройн тэгш талбайд энэ нуур бий. Гол барилгын дөрвөн буланд засмал боржин чулуу нь үлдсэн. Мөн голд нь ухаж нүх гаргасан баганын суурь чулуу хэд хэд бий. Дойтын толгойн туйрыг Өгөдэй хааны “Гэгэ- чаган орд” мөн болвуу гэж Монгол, Японы археологчид үзсэн байна. Төвийн болон сүүл толгойн буган чулуун хөшөө: Сумын төвд нилээд хэдэн хөшөө чулуу, баримал, хятад бичээстэй хөшөө болон хэд хэдэн буган хөшөө байдаг. Дөрвөлжингийн амны туйр: Улаан чулуу багийн нутаг, сумын төвөөс зүүн урагш 20 км зайтай Хархорин-Хотонтын төв замын баруун талд 2 км орчим зайтай Дөрвөлжингийн ам хэмээх уулын хуурай аманд нийт 8 дөрвөлжин хэлбэрийн суурь буй бөгөөд энд хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр нилээд бий. Нутгийнхан үүнийг Түрэгийн үеийнх хэмээн ярина. Эрдэнэ уулын хадны зураг: Сумын төвөөс доош Жарантайн голыг уруудан 10-аад мод яваад голын хойдох үргэлжилсэн нүцгэн нуруунаас тасарч тусгаарласан, нилээд эгц өндөр, замын бартаатай толгойг Эрдэнэ уул гэнэ. Уулын оройн том жижиг их хадан дотор 10-аад Элгэн хадны нүүрэнд хадны эртний зураг бий. Дүвхан хийд: Өндөр Сант багийн төвөөс баруун урагш 10-аад мод газарт Их Булагийн амны эхэнд Дүвхан хэмээх битүү модтой үзэсгэлэнт өндөр уул бий. Түүний торгон орой нь түшлэг бүхий суудал мэт сонин тогтоцтой байц хадны өвөрт Дүвхан хэмээх төсөрхөн хийд бий. Үүнийг 1651 онд Өндөр гэгээн Занабазар номын бясалгал үйлдэхээр Чулуун хана туургатай жижиг сүм босгуулснаар үүдэлтэй гэдэг. 1773 оноос Занабазар гэгээний дурсгалд зориулж хурал ном хуруулж эхэлжээ. 1994 онд нурж эвдэрсэн энэ хийдийг улсын хамгаалалтанд авсан бөгөөд 2001 онд сэргээн ашиглалтанд оруулжээ.