A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл / Түүхэн замнал

Түүхэн замнал

“Хотонт” нэрийн утга

Эрт үед Хотонт уул нь Дулаан уул нэртэй байжээ. Энэ уул нь өврийн ам жалганд нь жавар салхинаас нөмрөлсөн дулаахан тухтай олон өвөлжөө байдаг газар юм. Монгол газарт Түрэг язгуурын Уйгур улс зэргэлдээ нүүдэлчин Енисейн киргизүүдэд ялагдаж нийслэл Ордубалык (Ордубулиг, Балиглиг) хотоо шатаалган сүүтгүүлээд баруун зүг зугтан зайлжээ. Харин зарим овог хэсэг нь өөрийн гэх нутаг усаа орхиж чадалгүй хоцорч Киргизүүдийн эрхшээлд орсны дотор Уйгарын нэгэн хааны хатун, ой билиг төгс, гоо үзэсгэлэн тэгш Дой нэрт хатун ахайтанг харь солгой дайсан нь хүртэл хүндэлж нийслэлээс нь хойш хорь шахам мод газрын зайд орших нэгэн цагаан нуурын хөвөөн дэх орд харшид нь суулган үлдээв гэнэ. Он жил улирч Дой хатун нас нөгчсөн ч түүний нэр нөгөөх цагаан нууранд мөнхөрч “Дойтын цагаан нуур” хэмээн нэршжээ. Хатун ахайн шарилыг орчин тойрондоо өндөрт тооцогдох Дулаан уулын зүүн бага оргилын оройд оршуулж, дээр нь 5×6 метрийн хэмийн өрлөгтэй найман талтай чулуун бунхан орж мөнхөлсөн байдаг. Тийнхүү Дулаан уул нэрээ сольж Хатант уул хэмээх болжээ. Цаг хугацаа хуучрахын хэрээр Хатунт уулын нэр ам дамжин дуудлага бүдгэрсээр Хотунт буюу Хотонт болон нэршин хэвшиж өдгөөг хүрсэн хэмээнэ.

Үүсэл

   Хотонт сум нь Архангай аймгийн 1931 онд байгуулагдсан цогц 35 сумын нэг байсан бөгөөд Аймаг байгуулагдахаас өмнө, хойно хэд хэдэн удаа өөрчлөгдсөнөөс нутгийн хил зааг тухай бүр шинэчлэгдсэн бөгөөд эдүгээ сумын нутаг дэвсгэр, хүн ам нь хуучны дөрвөн хошуу, сумын дөрвөн хэсгээс бүрдэнэ. Үүнд : 1. Сүжигт бэйсийн хошуу буюу Хотонт уулын хошууны нутаг бүтнээрээ, 2.  Зоригт засгийн хошууны дийлэнх нутаг буюу Өндөр-Сант сумын нутгийн хагас, 3. Илдэн бэйлийн хошууны хойт хэсэг буюу мөн Өндөр-Сант сумын нутгийн хагас, 4.  Заяын шавийн өмнөд захын хэсэг нутаг тус тус багтана.

  Архангай аймгийн Хотонт сум нь Ардын Хувьсгалаас өмнө Халхын Сайн ноён хан аймаг Сүжигт бээсийн Хошуу хэмээн нэрлэгдэж байгаад Ардын Хувьсгалын дараа Монгол Ардын Засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлын 39 дүгээр тушаалаар Цэцэрлэг Мандал уулын аймгийн Хотонт уулын  хошуу, Монгол Улсын бага хурлын  1931 оны 05-р тогтоолоор Архангай аймгийн Хотонт сум гэж нэрлэгдсэн байна.

Хүн ам

   Хуучин Сүжигт бэйсийн хошууны ард иргэд нь Чорос, Өөлд, Монгол, Харчу, Өндөрийх зэрэг цөөн хэдэн овогтой байжээ. Энэ хэдэн овог болон түүх шастираас харвал хошууны ноёд тайж нар Өөлд угсааны язгууртан нар агаад албат иргэд нь халх, өөлд холилдсон, хожмын үед бол бүр халхажсан болох нь илэрхий.

  1931 онд хүн ам, газар нутгийн ихэнх нь хуучин Зоригт засгийн хошууны Өндөр-Сант сумын бүрэлдэхүүнд орсон бөгөөд 1938 онд Төвшрүүлэх сум байгуулагдахад тэнд нилээд хэсэг нь шилжин оржээ. Энэ нь уг хошуу 1925 оноос хойш, гурван удаа өөр суманд хуваагдсан гэсэн үг юм.

Байгаль, газарзүй

  Хотонт сум нь далайн түвшинээс дээш 1200-1400м өндөрт өргөгдсөн Хангайн нурууны зүүн салбар уулсын шувтрага хэсэгт оршдог.

  Сумын нутаг дэвсгэрийн хойд ба зүүн хэсэг ухаа гүвээт толгод бүхий тал хээр, баруун ба өмнөд хэсэг нь Суварга Хайрхан уулын салбар уулсууд болох Өндөрсант, Цагаан уул, Баянзүрх, Төвхөн, Хутаг өндөр, зэрэг уулсаар хүрээлэгдсэн нутаг болно.

  Улаанбаатар Хотоос 395 км, аймгийн төвөөс 90 км зайд оршдог. Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Хужирт Архангай аймгийн Хашаат, Төвшрүүлэх, Өгийнуур, сумуудтай  хиллэдэг.

   Нутаг дэвсгэрийн нийт хэмжээ нь 241.740 га үүнээс бэлчээр 196171.6 га ой, 35382 га тусгай хэрэгцээний газар 8840 га  газар тус тус эзэлнэ. Байгалийн унаган төрхөө алдаагүй үзэсгэлэнт сайхан Өндөрсант, Баянзүрх, Цагаан уул, Улаанчулуу, зэрэг уул нурууд Бургалтай, Хөөвөр,  Гичгэнэ зэрэг тал хөндийнүүд  Орхон, Цагаан сүм, Жарантай, Улаанчулуу, Тэмээн хүзүү, Хөх сүм зэрэг голууд Хөөвөр, Дойт, Бага нуур зэрэг нууруудтай, олон төрлийн ан амьтан, жигүүртэн шувууд, эмийн ургамлаар баялаг нутаг юм.

Цаг уурын нөхцөл

  Уур амьсгалын хувьд эрс тэс, хуурай уур амьсгалтай. Цаг уурын бүсчлэлийн хувьд Монгол орны төвийн нутагт багтдаг. Сумын жилийн дундаж температур зуны улиралд +36 хэм хүртэл халж, өвөлдөө -37 хэм хүрч хүйтэрдэг. Салхины зонхилох чиглэл баруун болон баруун хойноос байдаг.

Боловсрол

   1923 оны 1 дүгээр сард Хотонт уулын хошуу, Цагаан сүм уулын хошуунд орон нутгийн зардлаар анхны бага сургууль байгуулагджээ. Тус сургуулийн анхны захирал нь Д.Эрдэнэ-Очир байв. Харин улсын хөрөнгөөр байгуулсан анхны бага сургууль 1925 онд Баянхошууны тэнхим нэртэй 2 багш, 25 сурагч, 2 гэртэй байгуулагдаж анхны захирал нь Жамбалчүлтэм байв.

  Хотонт сумын төвийн сургууль 1952 онд 8 жилийн, 1980 онд 10 жилийн сургууль болон өргөжив. Тэр жилүүдэд сургуулийн захирлаар Д.Цэдэнсодном, О.Дагвадорж, Ч.Доржбямба, Б.Дамдинбазар нар ажиллаж байжээ.

Эрүүл мэнд

    Одоогийн сумын төв, Их булагийн аманд 1936 онд Д.Тогооч хэмээх сувилагчтай нэг гэртэйгээр орчин үеийн хүн эмнэлгийн үүсэл тавигджээ.

   1941-1961 оны хооронд нутгийн уугуул бага эмч Ө.Мядаг эрхлэн 20 гаруй жил ажиллажээ. 1962 онд их эмчийн салбар нээгдэж анхны их эмчээр Шарав ажилласан бөгөөд 1985 он хүртэл эмчилгээ боловсронгуй болж 15 ортой эмнэлэг болжээ.

  1986 онд их эмч 3, лабратори 1, баг бүрт бага эмчийн салбар ажиллах болов. Энэ нутгаас мэс заслын гавъяат эмч Л.Жамбалжав, хүн эмнэлгийн тэргүүний ажилтан эмч С. Дашжамц нарын нэрт хүмүүс гарчээ.