A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Сумын мэдээ /ХОТОНТ/

Сумын мэдээ /ХОТОНТ/

“ХОТОНТ НЭХИЙ” БРЭНД
Цахилгаанчин мэргэжлээ орхисон ч төрөлх нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж яваа энэ залуу бол Дашдоржийн Санги юм. Монголчууд нүүдлийн мал аж ахуйгаа түшиглэсэн баялаг өв соёлтой, өрх бүр үйлдвэрлэгч ард түмэн билээ. Харин энэ уламжлал маань алдагдахад ойрхон болсон гэхэд хилсдэхгүй.
Д.Санги үнэт түүхий эд болох нэхий шир үнэгүй болж, хог дээр хаягдаж байгаад харамсаж, улмаар арьс шир боловсруулах технологийг судалж сонирхож эхэлснээр цехийнхээ суурийг тавьжээ.
2018 онд анх 3.5 сая төгрөгийн өртөгтөй нэхий элдэх машиныг авч туршиж эхэлсэн байна. Сумын удирдлагууд ч үйл ажиллагааг нь дэмжиж, цехийн газрыг сумын “Мал нядалгаа”-ны цэгийг түшиглэн олгожээ. Мөн сум хөгжүүлэх сангийн хөнгөлттэй зээлд хамрагдсанаар “Хотонт нэхий” цехээ байгуулсан аж.
Арьс элдэхээр авсан анхны машинаасаа санаа авч, дараагийн машинуудыг өөрөө зохион бүтээж эхэлсэн бөгөөд одоо тус бүр нь 3,0 сая төгрөгийн өртөг бүхий 4 техниктэй болоод байна.
2018 оноос хойш цехийн үйл ажиллагаа тогтмолжиж, бүтээгдэхүүний тоо жилээс жилд нэмэгдсээр, анхны жил 200, 2019 онд 300, 2000 онд 800 нэхий, 1500 хурганы арьс, 2021 онд 3000 нэхий 5000 гаруй хурганы арьсыг элдэж, хэрэглэгчдэд нийлүүлжээ.
Энэ оны 4-р сараас эхлэн сумынхаа 3 өрхийн 5 хүнийг ажлын байраар хангаж, сард 600.000-750.000 төгрөгөөр цалинжуулж байна.
Цаашид боловсруулсан арьсаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавьжээ. Ингэхдээ ардын уламжлалт технологиор сур элдэх, үхэр, адууны ширийг боловсруулах тоног төхөөрөмжийг худалдан авч, бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулахыг зорьж байгаа юм. Тэрчлэн оёдлын цех байгуулж, эцсийн бүтээгдэхүүн оёж, зах зээлд нийлүүлэх эрмэлзэлтэй ажиллаж байна.
Элдсэн нэхий нь чанартай болохоор борлуулалт сайтай, иргэд дахин үйлчлүүлж, сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлнэ. Амралтын өдрөөр ч ажиллана. Эхнэр Буяндэлгэр, хоёр хүү нь тусалж дэмжинэ.
Тэрээр “Аливаа бизнесийн үр дүнг үзэхэд хичээл зүтгэл санаачилга чухал” гэсэн юм.
2020 оноос иргэдийн гар дээр байсан хатаасан түүхий хурганы арьсыг элдэх үйлчилгээ үзүүлж эхэлснээс хойш лав 10000 гаруй хурганы арьс элджээ. Эднийхээр Хотонт, Өндөрсант баг, Цэнхэр, Өгийнуур, Төвшрүүлэх, Хархорин, Ихтамир зэрэг сумын иргэд хонины нэхий, хурганы арьсыг элдүүлж, үйлчлүүлэгчдийн хүрээ тэлсээр байна. Захиалагч, байнгын хамтрагч нартай ч болжээ.
Ажилсаг, хөдөлмөрч энэ залуугийн зорилго бүр нь биеллээ олж, Архангай аймгийн хэмжээний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болно гэх итгэл төрлөө.
Эрүүл мэндэд ээлтэй нэхий арьсаа хэрэглэж, дулаан дээл хувцсаа өмсөцгөөе.
/“Хотонт нэхий” арьс боловсруулах цех. Харилцах утас: 88151908, 80885390/